Хэрэв та 00-н асуудалтай бол энэ талаар сайн мэдэж байгаа байх-дүлэх, суллах, зөөллөх, цэвэрлэх гээд л. Гэхдээ таны туршиж үзээгүй өөр нэгэн үр дүнтэй арга бий. Энэ бол хярзан буюу хошногоны нүх, нандин эрхтэн хоёрын хооронд орших арьсанд массаж хийх арга юм. (Эвгүй сонсогдож байгаа ч цааш нь уншаарай) Эрүүл Мэндийн Сэтгүүлийн сүүлийн үеийн судалгаагаар энэ цэгт массаж хийх нь өтгөн хаталт буюу гэдэсний түгжрээг эмчилдэг бөгөөд жирэмсэн эмэгтэйчүүд энэ хэсэгтээ тогтмол массаж хийснээр төрөлтийн үеийн хярзангийн урагдалтаас сэргийлэх боломжтойг олж тогтоожээ.
Нийт хүмүүсийн бараг 19% нь өтгөн хатах асуудалтай байдаг бөгөөд энэ төрлийн өвчин нь эрчүүдээс илүү эмэгтэйчүүдэд түгээмэл тохиолддог. Тийм ч учраас эрдэмтэд өтгөн хаталтын талаар эрчимтэй судлах болсон бөгөөд судалгаандаа уламжлалт буюу эрүүл хооллолт (өөх тос, чихэргүй хүнс хэрэглэх), дасгал хөдөлгөөн хийх, болон массажаар эмчлэх аргуудаас аль арга нь илүү үр дүнтэйг шалгасан байна. Энэхүү судалгаанд өтгөн хатах асуудалтай нийт 100 оролцогч оролцсон бөгөөд тэднийг 2 хэсэгт хуваасан бөгөөд эхний хэсгийн оролцогчдыг уламжлалт аргаар, хоёрдугаар хэсгийн оролцогчдыг массаж хийх аргаар эмчилсэн.
Ингээд 4-н 7 хоногийн дараах үр дүнгээс харахад массаж хийх аргыг хэрэглэсэн оролцогчдын хоол боловсруулах эрхтний үйл ажиллагаа харьцангуй сайжирч өтгөн хаталт нь багассан байжээ. Энэхүү массаж хийх аргыг хэрэглэсэн оролцогчдын хэлснээр энэ арга нь тэдний өтгөн хатах асуудлыг мэдэгдэхүйц хэмжээгээр бууруулсан бөгөөд цаашдаа ч энэ аргаа хэрэглэсээр байх болно гэжээ.
Дээрх судалгааг хийсэн эрдэмтэд хэлэхдээ эмч нар өтгөн хаталтын асуудалтай өвчтнүүддээ дасгал хийх, өөх тосгүй хоол идэх зэрэг уламжлалт аргуудаас зөвлөхийн оронд массаж хийх аргыг санал болгох нь зүйтэй бөгөөд хэрхэн яаж хийхийг нь зааж өгөх хэрэгтэй гэжээ. Мөн тэд массажлах аргыг ямар нэгэн өвдөлт өгдөггүй учраас өтгөн хатсан үедээ санаа зоволтгүйгээр тогтмол хэрэглэж байхыг зөвлөсөн байна.